Д.Баяраа: Манай улс "Оюуны зураглал"-ыг нэвтрүүлж, хөгжүүлэх хүрээгээрээ хоёр хөршөөсөө дулимаг байна

Д.Баяраа: Манай улс "Оюуны зураглал"-ыг нэвтрүүлж, хөгжүүлэх хүрээгээрээ хоёр хөршөөсөө дулимаг байна

 Оюуны зураглалын хоёрдугаар олимпиад “Үй цай” сургууль дээр тун удахгүй болно. Хичээл сургалтад төдийгүй, ажил бизнесээ төлөвлөх гээд амьдралын бүхий л салбарт хэрэгцээтэй “Оюуны зураглал” дэлхий дахинд ажил хэрэгч хүн бүрийн эзэмших чадварын нэг болон төгсрөн  хөгжиж байна. Харин манай улсад эхлэл төдий байгаа энэ соёлын талаар “Үй Цай” сургуулийн захирал, боловсрол судлалын доктор Д.Баяраа болон уг олимпиадыг зохион байгуулагч багш нартай олзуурхан ярилцсан юм. Түүнчлэн уулзалтын далимд өмнөд хөршийн боловсролын тухай ч хөндөв. Учир нь олон улсын PISA аттестатчилалд хятад залуус гайхалтай амжилт гаргаж, тоо, уран зохиол, байгалийн ухааны мэдлэг чадвараараа жилээс жилд давамгайлах болсон тухай барууны хэвлэлүүд ч бичиж буй билээ.

 

-Шинэ мянганы бичиг үсэг бол оюун ухааны зураглал гэж тодорхойлж байна. Ер нь бүх салбарын мэргэжилтэн өдөр тутмын ажилдаа яагаад оюуны зураглалыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болох вэ?

- 21-р зуунд иргэн хүн бүтээлч, шүүн тунгаах сэтгэлгээтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдаж байна. Энэ чадварыг ажил олгогч нар “зөөлөн ур чадвар” гэж тодорхойлж, ажилд авахдаа энэ чадварыг шаардах болж байна л даа.  

Оюуны зураглалыг майнд карт, интеллект карт гэж ярьдаг. Монголын боловсролын салбарт мэддэг хүн цөөнгүй бий. Гэхдээ Хятад, Европтой харьцуулахад их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн практикт соёл болгох тал нь их дутмаг юм шиг санагддаг.

Өдгөө оюуны зураглалыг төсөл, өдөр тутмын амьдралд тохиолддог аливаа үзэгдэл, сорил даалгаврыг гүйцэтгэхэд хамгийн түгээмэл хэрэглэж болдог, хамгийн ач холбогдолтой технологи гэж судлаачид үзэж байна.

Английн сэтгэл судлаач Тони Бьюзен хүний уураг тархи, түүний дотроос нейрон буюу мэдрэлийн эсүүдийн бүтцэд анхаарлаа хандуулж, судалгаа хийжээ. Тэгээд мэдрэлийн эсийн төвөөс салбар мөчир гардаг, тэр салбар мөчир бүр нь салбангуудтай гэсэн загварыг тогтоож л дээ. Яг энэ зарчим дээрээ суурилаад оюуны зураглалын аргачлалыг гаргасан юм билээ.

Оросын оюуны зураглал хийдэг программууд,  “Мэдээллийг дайлаар мордоод хураан авч боловсруулалт хий, үзэл бодлоо богинохон нэг цэгт, нэг цаг хугацаанд хуваалцъя” гэсэн уриа, зарчимд тулгуурласан байна. Ер нь бол, харилцааны маш том соёл, үзэл бодлоо хуваалцах программ болж хөгжиж байна л даа. 

 

 

- Оюуны спортынхон түргэн цээжилж тогтоох нэг аргадаа ашиглаад байх шиг.  Ер нь оюуны зураглалыг сургалтад хэрхэн хэрэглэж байна вэ?

-Санктпетербургт нэг сургалтын төв байна. Хүүхдийг мэдээлэлтэй ажиллуулж сургах, дотроос нь хэрэгтэй зүйлээ тогтоож авах, нэг цагийн дотор 300-500 үгийг цээжилдэг технологийг сургадаг юм байна.

Мөн энэ төв ЕБС-ийн сурлагаар хоцорсон хүүхдүүдэд тусгайлан сургалт явуулдаг.

 

 

Тэгэхдээ оюуны зураглалыг сургалтын нэг технологи болгон ашиглаж байна.  Жишээлбэл, Химийн хичээлийн сурах бичгийг 15 хоногийн дотор судлуулах үндсэн арга нь оюуны зураглал, харин нэр томьёог нь мнемоник технологиор цээжлүүлдэг юм байна. Оюуны зураглал тэгэхээр гайхамшигтай эд байгаа биз.

 

Ой тогтоолтыг хөгжүүлэх мнемоник техникийн үндсэн арга нь нэг ухагдахууныг өөр нэг эд юмс, ухагдахуунаар дамжуулан дүрсэлж цээжилдэг. Харин оюун ухааны зураглал бол мэдээллийн агуулгыг бүхэлд нь түлхүүр үг, зураас, зураг, тэмдэглэгээгээр харагдах байдлаар дүрслэн төсөөлөх тэмдэглэгээ юм. Иймээс шүүн тунгаах, холбоос сэтгэлгээг хөгжүүлдэг гэж судлаачид үздэг. 

 

- Оюуны зураглалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019 онд л гэхэд Хятадад болсон байна. Тэгэхээр өмнөд, хойд хөршүүд маань үүнийг дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч байна уу даа?

-Оросууд 1990-ээд оны сүүлчээс томоохон хотуудынхаа ЕБС-иудад хэрэгжүүлсэн төслүүд дотроо оюуны зураглалыг оруулсан байдаг. Олон арван судалгааны бүтээл ч гаргасан. Харин Хятадад оюуны зураглалыг хэрхэн дэлгэрүүлж буй талаар манай багш нар боломжийн мэдээлэл өгнө байх /багш нарын яриа ярилцлагын ард буй сурв./.

 

- Нийслэлд анхны тэмцээнийг нь зохион байгуулсан хүнээс асуухад, манай хүүхдүүд хэзээ Оюуны зураглалын дэлхийн тэмцээнд оролцох боломж бүрдэх вэ?

-Яг үнэнийг хэлэхэд, манай сургуулийн хувьд л гэхэд оюуны зураглалын мэдлэг чадварт багш, хүүхэд хамтраад суралцаж байна. Уншиж танилцсан, мэргэжлийн хүмүүстэй ярилцсанаасаа үзэхэд хоёр хөршид оюуны зураглал нэвтрүүлж, хөгжүүлж байгаагаас дулимаг байна гэж би хувьдаа үзэж байна. Тиймээс энэ соёлыг жаахан мэдүүлье, түгээе гэсэн зорилгоор олимпиадаа зохион байгуулж байгаа юм.  

Ер нь бол, бид хүүхдийг өдөр шөнөгүй тоо бодуулахаас илүүтэй бүтээлч, хамтран ажиллах харилцааны өндөр чадвартай хүн болгон төлөвшүүлэх нь хамгаас чухал шүү дээ. Тиймээс бид одоо болох уралдаанаа олимпиад гэж нэрлэн хүссэн хүүхэд бүрийг оруулъя гэж төлөвлөж байгаа. Нийгэмд жаахан түгээд ирэхээр олимпиадынхаа хүрээг тэлж гадаадын аль нэг улс орны сургуультай англи, хятад хэлээр явуулж болох юм.

 

-Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль нээгээд 20 гаруй жил амжилттай ажиллаж байгаа захирал багштай уулзсаных Хятадын ерөнхий боловсролын тухай мөн ярилцмаар байна. Оюуны чадамжаараа дэлхийд хүчтэй өрсөлдөх болсон хятад залуусыг хэрхэн бэлтгэж байгааг европчууд, америкчууд ч сонирхож байна шүү дээ. Тэгвэл Үй цай сургууль ямар дэвшилттэй зүйлсийг нь хэрэглэж байна вэ?

-Үнэхээр, Хятадын боловсролын талаар ярих зүйл их бий. Хятадын Ерөнхий боловсрол, сургалт зохион байгуулалтын хувьд Дорнын өнгө аяс үндэсний онцлог шинжээ хадгалан орчин үеийн боловсролын эрэлт хэрэгцээ инновац технологиор байнга шинэчлэгдэн баяжиж хөгжиж байдаг. Иймээс бидний хувьд судалж суралцах зүйл их бий.

Гэхдээ энэ удаа таны иш татсантай холбож, сургуульдаа хэрэглэж буй хоёр зүйлээс ярья. Манай сургууль 1997 онд байгуулагдсан, хос хэлний хичээлийн хөтөлбөртэй гэж бид томьёолдог. Энэ нь эх хэлнийх нь мэдлэг чадвар, соёлд нь суурилаад хоёр дахь хэлийг үзэж болно гэсэн онолын үзэл баримтлал байдаг. Энэ сургуулийн 1-р ангид орж байгаа хүүхэд эх хэлтэйгээ зэрэгцүүлээд хятад хэлийг параллелиар сурна гэсэн үг. Өмнөд хөршийнхөө сурах бичиг, мэргэжлийн багшаар сургалт явуулдаг.

Орос улс, Монгол Улс, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд ерөнхий боловсролын  сургалтын хөтөлбөртөө эх хэлээ хоёр судлагдахуунаар сургаж байна. Монгол хэл, уран зохиол гэдэг хоёр хичээлээр гэсэн үг шүү дээ.

 

Гэтэл Азид Монголоос бусад улс нэг сурах бичгээр нэг хичээл буюу нэг судлагдахуунаар эх хэлний боловсролыг олгож байна. Өөрөөр хэлбэл, Хятадын соёл боловсролын нэг онцлог, давуу тал нь энэ юм.

 

 

Хятадын цагаан толгойн ном эртний суут мэргэн эрдэмтэд нь хүн төрөлхтөнд, ялангуяа Хятадын ард түмэндээ оюуны том өв, үнэт зүйл болгоод үлдээсэн дөрвөн мөртийг дүрс үсэг, галиг үсгээ үзээгүй хүүхдэд шууд номон дээрээс багш нь уншиж өгөөд, утгыг нь тайлбарлаад цээжлүүлэхээс эхэлдэг. Тэдгээр дөрвөн мөрт нь хүүхдийн оюуныг хөгжүүлсэн, хүнлэг үзэл бодол, өндөр ёс суртахуун, ёс зүй номлосон, гүн ухааны дөрвөн мөртүүд байдаг.

 

-Манай Оюунтүлхүүр шиг ...

- Тийм ээ, тэр эх нь танин мэдэхүйн өргөн хүрээтэй, хүмүүжлийн асар их ач холбогдолтой, сургамжит үзэл санаа нэвт шингэсэн байдаг. Эхийг уншингаа ханз үсэг, эх хэлнийхээ дүрэмд суралцаад мөн логик дэс дараалалтай, тод уран сайхан ярьж, бичиж, илтгэх гэсэн дөрвөн үндсэн чадварыг зэрэг эзэмшиж байна

Гэтэл манайд монгол хэлний хичээл ихэнхдээ хэл шинжлэлийн агуулгатай, зөв бичгийн дүрэм л номлоод байна.

1990-ээд оны дунд үеэс өөрчлөн байгуулалт болоод бужигнаж байхад Орост маш том маргаан болсон. Оросын уран зохиол, орос хэл гэдэг хоёр хичээлийг нэгтгээд орос хэл гэдэг нэг л хичээл байна гэсэн. Гэтэл нийгэм даяараа маргаан болсон. Тэр үед мундаг уран зохиолчид нь ч дайраад нэгтгэж чадаагүй. Манайд Л.Гантөмөр сайдын үед буруу сэдэлжүүлж яриад мөн л буруудсан. Одоо ч гэсэн уран зохиолыг хасчихлаа л гэж яриад байдаг, үгүй шүү дээ.

 

-Хятадын зарим их сургууль эссэ сайн бичсэн хүнийг босго оноо харгалзахгүйгээр элсүүлдэг гэх юм билээ...

 -Манайхан зохион бичлэг гэж ярьдаг л даа. Өвөр Монголд зохиол бичнэ гэж орчуулдаг. Нээрэн ч бяцхан хүүхэд хэрэндээ л зохиол бичээд байгаа юм. Тэд 14 хоногт,  сардаа нэг зохиол бичүүлж байж эх бичих чадварт сургадаг. Хятад, өвөр монгол хүүхдүүдийн ээж аавдаа бичсэн захиа маш сайхан бүтэцтэй, логик дараалалтай, нэн хүндэтгэлтэй, оновчтой сэтгэмжтэй байдаг.

 

-Тэгээд бас уран яруу байх уу?

-Уран яруудаа биш гэхэд, маш хүндэтгэлтэй, сэтгэмжтэй бичсэн байдаг. Тэгээд олон арван эмхэтгэл буюу Шанхай хотын, Бээжин хотын бага боловсролын шилдэг зохиолуудын эмхэтгэл гэж гаргасан байдаг. Манайд өнөөдөр байхгүй л байгаа биз дээ. Гэх мэтчилэн хөтөлбөрийг технологижуулж хэрэглэгдэхүүнийг нь баяжуулж явдаг.

 

-Танай сургуулийн хичээлийн хөтөлбөр Боловсролын яамны чиглэл дээр суурилдаг байх. Гэхдээ ямар сурах бичиг барьдаг гэсэн үг вэ?

-Чухал асуулт байна. Үүн дээр зөрчил гарах гээд байдаг. Хувийн сургуулийг олон улсад их альтернатив томьёолж байна шүү дээ. Европын анхны хувийн сургуулийг философич, нэрт сурган хүмүүжүүлэгч И.Г.Песталоцци байгуулсан. Л.Н.Толстой ядуу тариачдад өөрийн хөрөнгөөр сургууль байгуулсныг Орост анхны хувийн сургуулиа гэж үздэг. Өмнөд хөршид Күнз, Мэнз, Мозийг хэлдэг. Тэгэхээр үүсгэн байгуулагчийн өвөрмөц үзэл баримтлал дээр суурилсан буюу сургалтын агуулга жаахан чөлөөтэй байх ёстой.

Азид Монгол Улс л нэг хичээлийн жил дөрвөн улиралтай. Тиймээс улсын сургууль яг өдийд 11 дүгээр сард 7 хоног амардаг байсан. Уг нь яг энэ алтан намрын үед багш хүүхэд хоёр энерцээ аваад л яг сайхан явж байдаг, ханиад томуу бага байдаг үе шүү дээ. 12-р сар гаруут хүйтрээд л ханиад шуухинаа эхэлдэг. Аргагүй энэ өвчин эмгэгтэй холбоотойгоор энэ хичээлийн жил 12-р сарын 20-нд амраана гэдэг шийдвэрийг БШУЯ гаргалаа.

Харин манай сургууль бол Азийн жишгээр 9 сарын 1-нээс хичээлийн жилийн 1-р хагас эхэлж 12-р сарын 27, 28-нд өндөрлөн 2-р сарын сүүлчээр хичээлийн жилийн 2-р хагас эхэлдэг. Тэгээд нэг өдрийн бүхэл бүтэн үргэлжилсэн үйл ажиллагаатай.

 

- Хятад хүүхэд өдрийн турш суралцдаг байхад манай монгол хүүхэд маш цөөхөн цаг сурдаг гэдэг шүү дээ. Давуу ба сул тал нь юу вэ?

-Хятадын боловсролын талаар миний дурдах хоёр дахь соёл наадахь чинь. Хятадын биш ээ, Азийн соёл юм. Азид Монголоос бусад дийлэнх оронд өглөөний 7.30-17.00 цаг хүртэл нэг өдрийн сургалтын үйл ажиллагаа үргэлжилдэг. Дундаа таны хэлдгээр нэг их завсрлагатай. Нэгэнт манай сургууль хятад хэлийг гүнзгийрүүлж үзэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх болсон учир Хятадын сурах бичиг, менежмент, бүтэц зохион байгуулалтыг судалж тэр дэг жаягаар явуулах шаардлагатай болсон.

Нэг өдрийн сургалтын үйл ажиллагаа нэгдүгээр нь үндсэн хэсэг, хоёрдугаар нь хөгжүүлэх хэсэг байдаг. Үндсэн хэсэгтээ байгалийн шинжлэл, гүнзгийрүүлж байгаа хятад хэлээ заадаг. Хоёр цаг хичээл хийгээд дунд завсарлагаанаар хөгжимт хөдөлгөөнт дасгал,  хичээлийн аль нэг хэсэгт хуруу, нүдний дасгалуудыг сурагчид хийдэг. Их завсарлагаар халуун хоолны үйлчилгээ аваад хөгжүүлэх сургалт руу орно. Бид Ковидын өмнөх жил нэг, хоёрдугаар ангийн сурагчдыг их завсарлагаагаар 30 минут унтлагын цаг гаргаж үзсэн.  Хүүхдүүд алжаалаа тайлж дараагийн хөгжүүлэх сургалтад оролцож байгаа байдал нь өмнөхөөсөө илүү идэвхтэй байгаа нь ажиглагдаж байсан.  

 

-Өдөржин хичээллэсэн хүүхдүүд гэрийн даалгавраа яах вэ?

-Мэдлэгийг чадвар болгож эзэмших нь гэрийн даалгаваргүйгээр дутуу дулимаг байдаг. Хятадад гэрийн даалгаврыг хөнгөвчиллөө гээд л бичээд байна. Яг практик дээр юу болж байгааг одоохондоо сайн мэдэхгүй байна л даа. Тэр том гүрэн ихэд хөдөлмөрлөн хичээнгүйлж байж өнөөдрийн хөгжлийг авчирсан байгаа шүү дээ.

Хуруу, нүдний дасгал хийлгэж буй нь жижигхэн юм шиг мөртөө маш их ач холбогдолтой. Энэ нь бүтэн өдрийн сургалтын үргэлжилсэн үйл ажиллагааны онцлогт нийцсэн сургалтын нэг технологи, соёл юмаа.

Намайг Хятадад явж байхад, уралдаант шалгалтад орох төгсөх ангийн сурагчид 8-р сарын 15-нд хичээллэж л байсан.

 

 

Сургалт бүтэн өдөр үргэлжилж байж, эрээнтэй бараантай нийгмээс тусгаарлагдан кампус орчинд байснаар сургалт чанарждаг. Тэгж байж багшийн хөдөлмөр бүрэн үнэлэгдэнэ. Хүүхэд сургууль, багш нарын дэргэд байж л нөгөө бидний хүсээд буй хүмүүжлийг олж авна. Таван цаг хичээллээд гэртээ хариад байхаар телевиз, компьютерын асуудлыг шийдэж чадахгүй.

 

 

Гурван ээлжийг алга болголоо гээд алга ташаад байна шүү дээ. Харин бүр бүгдийг нь нэг ээлжинд оруулах хэрэгтэй юм.

 

-Өдөр үдийн хоол зооглоод дугхийдэг хэвшил дорнын Хятад, өрнийн Испанид ч байна. Энэ нь сурах чадвар, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлдгийг аль эрт тогтоосон байдаг?

-Том соёл.  Ийм утгаараа Хятадын боловсролын салбар дахь сургалтын зохион байгуулалтын хэлбэрүүд олон жил туршигдсан, авууштай зүйлс их бий гэж боддог. 

 

- Танай сургууль саяхан нийслэлийн шилдэг сургууль боллоо. Ямар амжилтууд нөлөөлөв?

- Нийслэлийн тэргүүний сургуулиудын эгнээнд орж шалгарлаа. Сургалтын орчин, инновац технологийн чиглэлээр явуулсан үйл ажиллагаа маань үнэлэгдсэн.

 

- Харин танай сургуулийн сурагчид ямар онцлогтой гэж та хэлэх вэ?

 -20 дахь жилийнхээ ойн жил бид төгсөгчдөө уриад 12 асуулгаар 35-40 хувиас нь судалгаа авсан. Дээд сургуулиа төгсөөд ажлын байран дээрээ гарсан хүмүүс гэсэн үг шүү дээ. Дөнгөж сая өгүүлсэн бүтэн өдрийн үйл ажиллагаа хүндрэлтай байсан эсэх, бусадтай мөр зэрэгцэхэд юу дутуу, юу илүү байв гэх мэт асуулга багтаасан.

Тэгэхэд, бид сууж ажиллаж сурсан нь илүү их давуу тал байлаа гэж бүгд хариулсан байсан. Би чинь хүүхдийн хүүхэд насыг авлаа гэж матуулж байсан удаатай хүн. За тэгээд академик мэдлэгээр бусадтай ижил байсан гэж хэлцгээсэн. Нэг илүү юм нь, Хятадын их, дээд сургуульд бакалаврын боловсролд хэлний бэрхшээл, хүндрэл багатай бэлтгэлгүйгээр шууд суралцаж байна. Хятад хэлний мэдлэгээрээ гадаад оюутнуудаас хол илүү, цагаач хүүхдүүдтэй ижил байсан гэж байгаа .

Төгсөгчдөөс маань Санфранцискогийн хөрөнгийн биржид, Дэлхийн банканд, АНУ-ын Калифорны дээд сургуульд улс төр судлаач, Бээжин, Токиогийн мэдээлэл технологийн компани, Австрали улсад нэр хүндтэй компанид эдийн засагчаар ажиллаж байна. Мөн Хятадаас Монгол улсад суугаа, Монголоос Хятад улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, мэргэжилтнээр ажиллаж байна.

 

-Танай сургууль ханз бичлэгийн өвөрмөц аргатай гэсэн?

- Хятадын элчингийн атташе Хуан Хайлин гээд хүн байв. Тэр хүн Будапешт, Москвад элчин сайдын яаманд аттешагаар ажиллаж байсан. Маш өндөр боловсрол, соёлтой хүн байсан. Найрамдал сургуулийн дараах хоёр дахь хятад хэлний сургууль болохоор ч тэр үү, манай сургуулийг их дэмждэг байв. Түүний гэргий  Вэй багш 1980-аад оны Бээжингийн тэргүүний багшаар шалгарч байсан юм билээ. Тэр хүнээс манай багш нарт зөвлөгөө өгөөч гэж тусламж хүссэнээр, долоо хоногт ирж хичээл заадаг байсан. 

Хятад хүн өөрийнхөө мэргэжлийг эзэмшсэн байдал үнэхээр гайхамшигтай шүү дээ. Хэл мэдэхгүй мань хүртэл харж байхад, текстийн агуулгыг нүдэн дээр ургатал биеийн хэлэмж, хөдөлгөөн, хоолойн өнгөөр илэрхийлж уншина. Тэр хүн, “Баяраа багш аа, та хятад хэлний боловсролгүй, тэгсэн мөртөө хятад авиа ханз үсгийг таниулах аргыг хятад багш нарт зааж өгсөн байна. Та бол сурган хүмүүжүүлэх өвөрмөц мэдлэгтэй хүн юм байна” гэж хэлсэн юм.

Тэр нь ямар учиртай юм гэхээр, би бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлсэн хүн. Бага ангийн багш бол “а” ,“б” авиа тавих технологийг эзэмшсэн байх ёстой байдаг. Түүнийг эхлээд Монголдоо, дараа нь Орост сурсан. Тэр технологиороо би хятад хэлний авиа, ханз үсгийг сургах арга зүйд хоёр цагаач багшийг сургасан юм. Түүнийг мэргэжлийн хүн харсан хэрэг л дээ. Одоо ч тэр аргаар явдаг. Хожуу байгуулсан хятад хэлний сургууль тэр аргыг маань авчихсан л явж байгаа. Магадгүй монгол хүүхдэд бидний технологи илүү сайн зохицсон байх гэж боддог.

 

Ингээд энэ жил 2 дахь удаагаа тус сургууль дээр зохион байгуулах гэж буй Оюуны зураглалын олимпиадын тухай багш нараас тодруулснаа толилуулъя.  

 

Г.Гантулга: Оюуны зураглалыг гаргасан эрдэмтэн

Нобелийн шагналд хоёр удаа нэр дэвшсэн

 

 

-Оюуны зураглал ер нь дэлхий дахинд хэрхэн хөгжсөн бэ?

-Английн Тони Бьюзен гэж оюуны спортоор хичээллэдэг, боловсролын зөвлөх хүн 1960-аад оноос их сургуулиудад оюуны зураглалыг сургалтад ашиглах ажлыг эхлүүлсэн. Тэр хүн Альберт Эйнштэйн ямар нэг ойлголтыг зураглаж бичдэг байсан тухай уншиж л дээ. Түүнээс сэдэвлээд “оюуны зураглал” хэмээх бодож сэтгэж байгаа зүйлээ зураглаж системтэй болгодог загварыг санаачилсан.  

1960-аад оноос телевизийн шоу, их сургуулиудад лекц уншиж, 80 гаруй ном гаргасан байна. 1998 онд анх удаа оюуны зураглалын дэлхийн аваргын тэмцээнийг зохиосон. Түүнээс хойш  Европ руу маш их тархсан. 2016 онд Сингапурт оюуны зураглалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсноор Азид тархаж эхэлсэн. БНХАУ-д Тони Бьюзений нэрэмжит оюуны зураглалын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг болоод байна. Тони Бьюзен оюуны зураглалыг гаргаж ирснээрээ хоёр удаа Нобелийн шагналд нэр дэвшсэн юм билээ.

 

-Оюуны зураглалын дэлхийн аваргын тэмцээн ямар зарчмаар болдог вэ?

- Эхлээд нэг хүн 25-30 минут лекц тавьдаг. Түүнийг оюуны зураглалын тэмцээнд оролцож буй хүмүүс сонсоод тэмдэглэл хөтөлдөг. Ингэхдээ лекц дууссанаас хойш 20 минутын дотор А3 хэмжээтэй цаасан дээр фламастер, будаг ашиглаж түлхүүр үгээр лекцийн агуулгыг зураглаж бичих дүрэмтэй. Нэгдүгээр үе нь тэр.

Ерөнхийдөө олон улсад оюунаар өрсөлдөх чадвартай хүн 20 минутад өгсөн лекц, мэдээллийг боловсруулах чадвартай байх хэрэгтэй байдаг юм байна. Их сургуулиудын элсэлтийн шалгалтын эсээг 20-25 минутад бичих даалгавартай байдаг шүү дээ.

Хоёрдугаар үе шатанд богино өгүүллэг юм уу, сэтгүүл өгөөд түүний дагуу оюуны зураглал хийнэ. Ном уншаад зураглана гэсэн үг.

Гуравдугар шатанд өөрсдийн сонголтоор жижиг текст бэлтгэдэг. Лекц тавьсан лекторууд нь заасан хичээлийнхээ агуулгыг бүрэн зураглаж гаргасан байна уу гэдгийг үнэлнэ. Гурван шүүгч оюуны зураглалын үнэлгээний хуулийн дагуу шүүдэг, ихэнхдээ Парисын үнэлгээний системийг ашигладаг юм билээ.

 

 

Г.Гантулга багш "Оюуны зураглал"-ын тухай ийн зураглажээ 

 

-Оюуны зураглалыг ашигладаг хийдэг болсноор танай сургуулийн сурагчид ямар ямар ур чадвар эзэмшиж байна?

-Манай бичгийн хичээлүүдэд маш сайн ашиглаж байна. Тухайлбал, уншсан номынхоо агуулгыг зураглах, эсээ бичүүлэх зэрэгт. Хэдэн зуун хуудас номын агуулгыг нэг хуудсанд, бусдад ойлгомжтойгоор тэмдэглэнэ гэдэг хүүхдэд маш олон ур чадварыг төлөвшүүлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Д.Энхбат гуай ном уншаад оюуны зураглал тэмдэглэдэг гэж ярьж байсан.

 

Г.Ариунжаргал: Оюуны зураглал оффисын зайлшгүй хэрэглээ болж хөгжиж байна

 

-Оюуны зураглал хийх хэрэгцээ ихсэж байгаа нь ямар байдлаар илэрч байна вэ?

- Бидний хувьд магадгүй шинэ зүйл ч, манай хөрш Хятадын хувьд энэ бол хэрэглээ болж чадсан байна. 2016 онос Хятадад оюуны зураглалыг оффисын хэрэглээний үндсэн хэрэглэгдэхүүн гэж үздэг болсон. Тэгэхээр бүх мэргэжлийн хүмүүс албаны хэрэгцээнд заавал ашиглах зүйлсийн нэг гэсэн үг шүү дээ. Тиймээс 10 жилийн, муж хоорондын, дэлхийн, улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Хятадын оффисын программ WPS-д оюуны зураглалын функц байдаг. Тэнд бэлэн загварууд байршуулсан байдаг. Бизнес загвар, төлөвлөгөөнийх, зохион бичлэг гэх мэтээр ангилаад дотроо 10 гаруй сонголттой.

 

-Аливаа зүйлийг үр дүнтэй төлөвлөхөд ч их тохиромжтой болохоор багийн ажилд нэн чухал юм шиг ээ...

- Тийм ээ, бэлэн загвар дундаас тухайн зорилго, ажил байдлаасаа хамааран сонгоно гэсэн үг. Жишээлбэл, зохион бичлэг бол нэг өөр, уншсанаа ярих гэж байгаа бол бас нэг өөр, ажил төлөвлөх, бизнес загвар гэх мэтээр өөр өөр бүтэцтэй.

 

-Өнгөрсөн жил танай сургууль дээр анхны уралдаан болсон. Оролцогч нар ямар түвшинд байна. Уралдааны ач холбогдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бид өнгөрсөн жил Монгол Улсын түүхийн хичээлтэй холбоотой сэдвээр явуулсан. Ер нь бол ганц түүхийн хичээл биш англи хэл, бага ангид хятад хэлний сургалтад ашиглаж байгаа. Ахлах ангийн сурагчид ээж, аавтайгаа нэг баг болж тэмцээнд оролцсон. Хүүхдүүдийн хувьд хичээл дээр ашигладаг учир харьцангуй дадлагатай байсан. “Майнд мап” гэж юу юм, ямар мэдээллийг нь багтаах, аль нь чухал гэдгийг аав ээжүүдийн ихэнх нь мэдэхгүй байсан. Гэхдээ аав, ээжүүд хүүхдүүдийнхээ сурах явцдаа авч байгаа зөв дадал,  аргачлал, сургуулийн онцлогийг харсан байх. Нөгөө талаас  өөрсдийн ажил, судалгаа шинжилгээнд тодорхой хэмжээгээр хэрэг болох зүйлийг олж харсан байх гэж бодож байна.

 

 Д.Должинсүрэн: Хоёрдугаар олимпиад “11 дүгээр сарын 26-ны өдөр Монголын түүхэнд” гэдэг сэдвээр болно

 

-Өнгөрсөн жилийн тэмцээнд хэчнээн хүүхэд оролцсон бэ?

-Ноднин бид 12 дугаар сарын 29-ний Тусгаар тогтнолын өдөрт зориулан оюуны зураглалын анхдугаар тэмцээнийг зохион байгуулсан. “Бид тусгаар тогтнолынхоо тухай юу мэдэх вэ” сэдвээр болж, манай сургуулийн ахлах ангийн эцэг эх сурагчдаас бүрдсэн 16 баг оролцсон.

Энэ жилээс цар хүрээгээ тэлж олимпиад болгон зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ сарын 26-ны өдөр олимпиад маань “11 дүгээр сарын 26-ны өдөр Монголын түүхэнд” гэдэг сэдвээр болно. Манай олимпиадад хөдөө орон нутгаас ч оролцох боломжтой.

 

Н.Наранжаргал: Тусгаар тогтнолын сэдэв эх оронч үзлийг төлөвшүүлэх ач тустай

 

- Оюуны зураглалын олимпиадын сэдвийг хэрхэн сонгов. Ямар ач холбогдолтой вэ?

-XX зууны Монголын түүхийг авч үзвэл тусгаар тогтнолын төлөөх зуун байдаг. Тусгаар тогтнолтой холбоотой авч үзэхээр 12 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 26,  7 дугаар сарын 11, 12-ны өдрийг тэмдэглэдэг. Мөн 1 дүгээр сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр,  10 дугаар сарын 20-нд Бүх нийтийн санал  асуулгын өдөр, 10 дугаар сарын 27-нд НҮБ-д гишүүнээр элссэн өдрийг тэмдэглэдэг. Ийм олон үйл явдалд хүмүүс төөрөлддөг. Хүн бүр нэг сонсоод, нэг уншаад ойлгодоггүй, цээжилж тогтоодоггүй. Тиймээс бидний зохион байгуулж буй олимпиадын гол зорилго бол энэхүү төөрөгдлийг арилгаж, үнэн бодит мэдээллийг хүмүүст ойлгуулахад чиглэж байгаа юм.Тэгэхээр 11 дүгээр сарын 26-нд Тусгаар тогтнолыг тунхагласан өдөр биш харин Бүгд найрамдах засаглал гэж зарлан тунхагласан зүйлийг хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, 1924 оны  11 дүгээр 26-наас эхлээд Монгол Улс Бүгд Найрамдах засаглалтай болсон. Монгол Улсыг хаан удирдахгүй. Улсын бага хурал, Улсын их хурал удирдана. Энэ хууль хэрэгжиж эхэлсэн өдөр байгаа юм.

1911, 1921, 1924, 1945, 1961, 1990, 1992 онд юу болов гээд нэг том багцаар харж тунгаана. Тэгэхээр олон баяр, тэмдэглэлт өдрийн учрыг хүүхэд ойлгож, хоорондох ялгаа зааг, хүрээг нь тодорхой зураглаж эхэлнэ. Тэр олон мэдээллийг толгойндоо бясалгаад хамгийн гол мэдээллээ багцалж тэмдэглэнэ. Хүүхэд өөрөө олон материалыг нягталж  үзээд, гол гол зүйлээ зураглан тэмдэглэхээр тухайн хүүхдийн толгойд тэмдэглэлт өдрүүдийн учир, ач холбогдол баттай хоногшин үлдэнэ гэсэн үг. Тусгаар тогтнолын сэдэв эх оронч үзлийг төлөвшүүлэх ач холбогдолтой.

 

М.Соёл-Эрдэнэ: Манай сургууль цахим тэмцээн зохион байгуулах туршлагатай болсон

 

 

-Олимпиадыг цахимаар хэрхэн зохион байгуулсан бэ, хүндрэл бэрхшээл байв уу?

-Оюуны зураглалын олимпиад тэмцээнийг G Sute Google meet, Moodle систем, Ui-tsai.edu.mn вэб сайт, Үй-Цай сургууль фэйж зэргийг ашиглан  зохион байгуулсан. Тэгээд Ui-tsai.edu.mn вэб сайт 216 контент, Үй-Цай сургууль фэйж 139 контент буюу нийт 355 контентоос 16 багийг үүсгэн тэмцээнд оролцуулсан.

Gmail-ийн багтаамж 15GB, 50MB хүртэл мэйл хүлээн авах, хавсралтыг 25MB хүртэл илгээх боломжтой байсан.  G Sute Google gmail багтаамж, цагийн хязгааргүй болсон байдаг.

Сурагчдын хувьд Google drive-ийг ашиглан файлаа интернэтэд байршуулж, зураг, файл оруулах хадгалах, шейрлэх чадвартай болохоор тэмцээн зохион байгуулахад хүндрэл гараагүй. Цаашид дээрх систем программыг хөгжүүлэн цахим тэмцээн, хичээлээс гадуурх үйл ажиллагааг зохион байгуулах өөрийн туршлагатай болсон.

May be an image of one or more people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}