Г.Солонго: Их туулиа хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор Жангар төслийг хийж байна

Г.Солонго: Их туулиа хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор Жангар төслийг хийж байна

Завхан:"Жангар" туулийг хүүхдийн жүжиг болгон тавихаар болжээ. Тодруулбал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олон тус туулийг хүүхдийн жүжиг болгон театрын тайзнаа тавихад хэдийн бэлэн болжээ. Жангар туулийг жүжиг болгон хүргэснээр хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, өвлөн авч хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Жангар хүүхдийн жүжгийн продюсероор тус театрын дарга Г.Солонго ажиллаж байгаа аж. Түүнээс жүжгийн талаар тодруулга авлаа.

 

-Сайн байна уу? Танд шинэ оны мэнд хүргэе. Жангар хүүхдийн жүжиг тайзнаа тавигдахаар хэдийнээ бэлэн болжээ? Жүжиг хэдий хэр хугацаанд бэлтгэгдэж, ямар хөрөнгө оруулалтыг зарцуулав?

-Баярлалаа. Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. Театр хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэн, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна. Тиймээс театрт тавигдаж, бүтээгдэж буй уран бүтээл бүхэн үнэ цэнэтэй байдаг. Тэгэхлээр үнэ цэнэтэй бүтээл, өв болсон Жангар хүүхдийн жүжгийн тухайд гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “баатарлаг туульсуудыг дэмжин дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021, Завхан аймгийн Засаг даргын санаачилсан Үндэсний бахархал-Монгол өв соёл арга хэмжээ хөтөлбөрүүдийн хүрээнд бүтээгдэж буй. Соёл урлагаар дамжуулан хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх нийгмийн төлөвшилд эх оронч, үнэнч шударга, эв эеийг эрхэмлэгч, дайчин баатарлаг ухамсрыг оюун сэтгэлгээнд нь шингээж өгөх зорилгоор 2020 оны нэгдүгээр сараас “Жангар” хүүхдийн жүжгийг тайзнаа туурвихаар төлөвлөн бэлтгэл ажилдаа орсон. Цар тахлын улмаас тодорхой хугацаанд зогсож,  энэ оны 11-р сараас соёл урлагийн үйл ажиллагаа нээгдэн үргэлжлүүлэн бэлтгэл ажилдаа орж өнөөдөр тайзнаа тавигдахад бэлэн боллоо.

 

-Тэгэхээр яагаад заавал “Жангар” зохиолыг сонгох болов?

-Тийм ээ. Монгол туулийн хэл бол гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, Монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Тиймээс ардын аман зохиолын хөгжлийн явцад бий болсон яруу найргийн хамгийн том төрөл монгол туулийг залуу хойч үедээ сурталчлан таниулахад “Жангар” хамгийн тохирсон тууль гэж бодож байгаа. Түүнчлэн их туулиа хадгалан хамгаалж, сэргээн хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилгоор, эрт эдүгээ цагийн үндэсний өв уламжлал, ёс заншлыг тээн ирсэн “Жангар” туулийг бид төсөл болгож сонгосон.

-Жангар хүүхдийн жүжгийн найруулагч, жүжигчдийг танилцуулахгүй юу?

-Жангар хүүхдийн жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын театр урлагийн дээд сургуулийн төгсөгч УДЭТ-ын найруулагч, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншарав, ерөнхий зураачаар Л.Ванганы Нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын зураач С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч Ё.Эрдэнэбаатар, хөгжмийн удирдаачаар Б.Мөнхжаргал, жүжгийн зохиолчоор Д.Мэндсайхан, туслах найруулагчаар Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий найруулагч Б.Сандуйжав нар тус тус ажиллаж байна. Жүжигчдийн тухайд “Өндөр гэгээн жүжиг”-ийн “Өндөр гэгээн Занабазар”-ийн дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал авч байсан Хөгжимт жүжгийн театрын жүжигчин Ч.Лхагвадорж. Мөн “Өндөр гэгээн жүжиг”-ийн Тойн ламын дүрээр “Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт жүжигчин, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Б.Сандуйжав, жүжигчин С.Нямжав, А.Цэрэнбалжир, Б.Ариунзаяа, Ө.Мөнхнасан болон ХЖТ-ын дуучид, бүжигчид, хөгжимчид бүгд дүр бүтээн оролцож байна. Мөн тус жүжигт Улиастай сумын ерөнхий боловсролын Дэвшил сургуулийн сурагч бяцхан жүжигчин Б.Өнөрбаяр Жангарын бага насны дүрийг бүтээн оролцож байна.

-Жангар хүүхдийн жүжиг юугаараа онцлог юм бэ? Тайзнаа ямар хэлбэрээр тавигдах бол?

-“Жангар” хүүхдийн жүжгийг орчин үеийн шинэлэг сценографик тайз декрацын шийдэл, найруулга зүйн өөр, өөр хэв маяг, багт театрын төрлөөр тайзнаа амилуулж байна.

-Жангар туулийн түүхээс та хуваалцаач?

-Жангар, Гэсэрийн тууль нь монголчууд бидний оюун санаа, уран сэтгэмжийн тусгал, эрх чөлөө, энх амгалан, хүсэл мөрөөдлийн илэрхийллийн оргил билээ. Жангар бол 15-р зууны үед Ойрад түмний дунд зохиогдож, нийт монголчуудын дунд тархсан ардын аман зохиолын нэг төрөл болох баатарлагийн тууль юм. Монголын нууц товчоо, Гэсэр, Жангар нь Монголын эртний утга зохиолын гурван оргил гэж ярьдаг шүү дээ. 1924 оноос Оросын Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн түүхтэй юм билээ. Тийнхүү монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлсэн юм билээ. Ингээд ШУА Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхэтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг халимаг хэлнээс буулгаж олны хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн юм.


Монгол судлалын нэрт эрдэмтэн Б.Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхэтгэн монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд "Монгол Жангар" хөлгөн их судрын хоёр ботийг монгол түмэндээ өргөн барьсан бөгөөд уг хоёр ботийн зураг чимэглэлийг зураач Жадамбын Төмөрхуяг дан бэлгэдлийн хээ угалзаар зурж чимэглэсэн тухай түүхүүдийг Жангар төслийг эхлүүлэх явцдаа уншиж мэдсэн. Тэгэхээр Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын бүтээл юм гэдгийг ойлгож мэдсэн. Мөн Тангадын Галсан гуай "Монгол Жангар"–ийг нийт таван ботиор хэвлэлд бэлтгэж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хоёр боть нь хэвлэгдэж үлдсэн гурван боть нь гар бичмэлээрээ байгаа мэдээллийг уншиж байсан.

-Жангар төсөл нууц биш бол хэчнээн төгрөгийн төсвөөр бүтэж байгаа вэ?

-Ер нь төрийн байгууллага тэр бүр томоохон уран бүтээл хийгээд байх төсөв гэж байхгүй учир янз бүрийн хэлбэрээр, хуулийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдэд хүсэлт өгөх замаар л шийдвэрлэж байна даа. Бид стратеги төлөвлөгөөндөө 2020 онд гэхэд гурван томоохон хэмжээний уран бүтээл хийхээр төлөвлөсний нэг нь Жангар юм. Хүнд хийх гэж байгаа ажлаа ойлгуулж хөрөнгө мөнгө босгоно гэдэг хэцүү ажил шүү. Жангар жүжиг маань УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Соёлын Яам, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, оюуны хөрөнгө оруулагч Х.Батсайхан гээд олон олон хүмүүсийн дэмжлэгээр бүтэж байгаа.

-Жангар хүүхдийн жүжгийн нээлт хаана, хэзээ болох вэ? Мөн хаана хаана тоглох бол?

-Жангар жүжгийн нээлт энэ сарын дундуур Завхан аймагт болох бөгөөд эхний удаа Завхан аймгийн нийт хүүхдүүдэд, дараагийн удаа монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн тус жүжиг маань Гэгээн Муза 16 олон улсын театрын их наадамд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байгаа. Та бүхнийг Жангар хүүхдийн жүжгийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Тус уран бүтээлийг дэмжин хамтран ажиллаж байгаа соёл урлагийг дэмжигч нийт хүмүүст энэ ташрамд талархсанаа илэрхийлье.

-Танд баярлалаа.

May be an image of one or more people and text

 


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}