Депутатууд ард түмнийхээ эрх ашигт нийцсэн сайн хууль батлах нэгэн зорилгод нэгдсэн

Депутатууд ард түмнийхээ эрх ашигт нийцсэн сайн хууль батлах нэгэн зорилгод нэгдсэн

Төв : Шинэ Үндсэн хуулийг батлах үеийн Ардын их хурлын депутатуудын дурсамжаас хүргэж байна. 

 

Л.Хад АИХ-ын 310-р тойрог, Төв Алтанбулаг сум

 

 

1990 онд АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуулиар Алтанбулаг сумын сонгогчдын 70 шахам хувийн санал авч АИХ-ын депутатаар сонгогдож билээ. Ардчилсан үндсэн хуулиа хэлэлцэх тэр үед олон намаас бүрдсэн байнгын ажиллагаатай анхны парламент байсан бөгөөд социалист систем задран унаж, гадны тусламж зогссоноор, улс орон эдийн засгийн маш хүнд байдалд орж, ард түмний маань амьдрал туйлдан, барааны хомсдол үүсч сүүлийн 40,50 жилд тохиолдоогүй бэрхшээлтэй учирч эх орон ард түмнийхээ төлөө хоёрдмол сэтгэлгүй, мэддэг чаддаг бүхнээ зориулах шаардлага зүй ёсоор гарч байсан.  

Депутатууд ард түмнийхээ эрх ашигт нийцсэн сайн хууль батлах нэгэн зорилгод нэгдсэн. Ийм ч учраас хуулийн бүлэг заалт, үг, үсэг бүр дээр өөр санал гарч гацаанд орж, маргаж, хэрэлдэж, хэлэлцэж ихээхэн цаг хугацаа зарцуулж байсан боловч гарцыг нь олж зөв шийдэл дээр санал нэгдэж чаддаг байсан.

 

 

   Д.Баяр АИХ-ын 311-р тойрог, Аргалант сум

...Улс орныхоо хувь заяаг шийдэх ийм чухал асуудлыг олон хүн санаа бодлоо уралдуулан хэлэлцэж нэг шийдвэрт хүрэх үйл явц их нарийн төвөгтэй байсан. Энэ үйл явцад суралцах, хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг оновчтой зөв зохион байгуулах, тухайн үед байж болох хамгийн зөв шийдэл томьёоллыг олж, олонхоороо дэмжүүлэх гэдэг нь өөрөө маш нарийн ажил байснаас цаг хугацаа их зарцуулсан юм.

 

  • АИХ-ын 312-р тойрог, Архуст сум 

... Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад ард олны амьдралын бодит нөхцөл, тэдний хүсэл эрмэлзлийг сайн мэддэг тэр олон депутатууд, улс орноо хөгжүүлэх чин сэтгэлээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан, тэдний саналаас илүү оновчтойг гярхай харж төсөлдөө тусган, төслийг сайжруулан боловсруулж байсан Улсын бага Хурлын гишүүд бол улс түмнийхээ сайхан ирээдүйн хууль зүйн үндэс суурийг тавих чин сэтгэлдээ хөтлөгдсөн, хувийн болон хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө ажиллах бодлын үнэр ч байхгүй, маш цэвэр улс төрчид байсныг санахад сайхан байдаг.  


  • АИХ-ын 313-р тойрог, Батсүмбэр сум

... АИХ-ын анхдугаар хуралдаанд 423 депутат оролцож 10 хоног, хоёрдугаар хуралдаанд 420 депутат оролцож 76 хоног хуралдсан юм. Хоёрдугаар хуралдаан нь эхний хурлаасаа хэлэлцсэн асуудал, уур амьсгалаараа хэд дахин хэцүү болсон. Үндсэн хуулийн төслийг Монгол Улсын Их цааз, БНМАУ-ын Их засаг хууль гэсэн 2 хувилбараар, Үндсэн хуулийн хавсралт хуулийг нэг хувилбараар хэлэлцсэн. Энэ бүгдийг олон хувиар дахин дахин бэлтгэх, өдөр тутмын асар олон санал, шүүмжлэл, зарим бичгийг цаг хугацаа алдалгүй хянах, хэвлэх, баримт бичгүүдийн эхийн утга, учрыг таниулах, зөвшилцөх зэрэг нөр их ажлыг гайхамшигтай сайн зохион байгуулж, гүйцэтгэж байсан Улсын Бага хурал, Засгийн газар, тус их хурлаас томилсон бүлэг, хэсэг, комисс, хороодод ямагт баярлаж, сэтгэлдээ хүндэлж явах ёстой гэж боддог.

 

  • АИХ-ын 314-р тойрог, Баян сум.

 

  ... Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалтыг оруулахын тулд нилээд идэвх санаачилга гарган ажиллах шаардлага тулгарч байлаа. Гавьяат мал зүйч Д.Лхагвасүрэнгээр ахлуулсан бидний хэсэг нөхөд олон удаа босож, тайлбар хийж хурал хаях мэдэгдэл хүртэл хийж хичээн зүтгэснийхээ хүчинд энэ заалтыг үндсэн хуулинд оруулсан. Одоо мал нь гоц халдварт өвчин, ган зудад нэрвэгдэн хүчин мөхөсдсөн малчид төрөөс нөхөн олговор авч байгаа нь үндсэн хуулийн энэ заалтын үр дүн юм шүү. 

 Ч.Бат-Эрдэнэ АИХ-ын 315-р тойрог, Баяндэлгэр сум

... АИХ-ын депутатуудын дийлэнх хэсэг болох сум нэгдлийн дарга депутат нар хуралдаж “Хоршооллын депутатын бүлэг” байгуулж, тэр үед Монголын нэгдлийн холбооны дээд зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан намайг тэргүүнээр нь сонгосон юм. 

Уг бүлэг нь Үндсэн хуулийг батлахад Улсын нэр, сүлд, засаглалын хэлбэр, өмчийн асуудал, газар өмчлөл, мал сүрэг үндэсний баялаг төрийн хамгаалалтад байх тухай төрийн тогтолцооны талаар зэрэг хэд хэдэн чухал асуудлааар нэгдмэл байр суурьтай байж, зарим үед хуралдааны ажиллагаанд зохих хүндрэл учруулж байсан мэт боловч одоо бодоход эерэг үр дүнд хүрсэн гэж үздэг.

  

Г.Сосорбарам АИХ-ын 316-р тойрог, Баянжаргалан сум

...Шинж үндсэн хуулийг хэлэлцсэн АИХ-ын 429 депутат нь олон намын бүрэлдэхүүнтэй, олон ургалч үзлийг уралдуулсан нэг үзэл бодолд төвлөрсөн сайн хууль батлахын төлөө хүмүүс өдөр шөнөгүй ажилласан юм. Онцлог нь нам, эвсэл, хувийн эрх ашиг, баян компанийн болон хэсэг бүлгийн төлөө гэсэн үнэр ханхлаагүй, жинхэнэ шударга ажилласан депутатуудын гараар бүтсэн юм даа. Ер нь Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, ард иргэдийн сайн сайхны төлөө нийцсэн сайн Үндсэн хууль болгохын төлөө хэн нь ч алтан амиа өгөхөөс буцахгүй хүмүүс цуглажээ гэж бодож билээ.

 

Д.Мандах АИХ-ын 317-р тойрог, Төв аймгийн Баян-Өнжүүл сум

 

АИХ-ын депутатаар сонгогдоод Төрийн ордонд 76 хоног хуралдах явцад олон сонин үйл явдлууд тохиолдож байжээ. Тухайлбал бидний хэсэг залуус анх Их хурал дахь “Залуучуудын бүлэг” гэгчийг байгуулж, тодорхой асуудлуудаар саналаа албан ёсоор илэрхийлж байлаа. Зарим нэг асуудлаар чуулганы танхимд ширүүн маргаан үүсч байсан бөгөөд тухайлбал хотын статусын асуудал, төрийн сүлд бэлгэдэлтэй холбоотой асуудал, Үндсэн хуулийн цэцийн болон Ерөнхийлөгчийн эрх хэмжээтэй холбоотой зэрэг олон асуудлыг дурдаж болох юм. Манай аймгийн Баян сумаас сонгогдсон депутат Гантөмөр "Монгол эрэгтэй хүн 2 эхнэртэй байж болох” тухай санал гаргасан нь эмэгтэйчүүдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч шуугиан тарьж байлаа.

 

  Ж.Уртнасан АИХ-ын 318-р тойрог, Баянхангай сум 

АИХ-ын их хурлын дарга Ж.Уртнасангийн “Алслан одсон он жилүүд” номын гар бичмэлээс:  

 

...Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх дээр БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут, Зөвшөөрсөн БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан хэмээн гарын үсгээ зурж батламжлаад алд цэнхэр хадаг дээр залж БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад гардуулав. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн уг эхийг гардаж аваад «Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх оршвой. БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат> гэсний дараа гарын үсэг зурж төрийн тамга дарж батламжлав. Мөн доор нь «1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр» гэсэн байлаа. Ийнхүү Үндсэн хуулийг батламжлахад Ардын Их Хурлын депутатууд болон ёслолын ажиллагаанд оролцогсод алга ташиж уухай цуурайтуулан баяр талархлаа илэрхийлж байлаа.

May be an image of text 


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}