С.Мөнхчулуун: МАН, МАХН эргэж нэгдэх ёстой гэж боддог

С.Мөнхчулуун: МАН, МАХН эргэж нэгдэх ёстой гэж боддог

МАН-ын гишүүн С.Мөнхчулуунтай ярилцлаа.

-Та МАН-ын 100 жилийн ойг угтаж уугуул намынхаа гишүүнчлэлийг сэргээлээ. Буцаж орох шалтгаан тань юу вэ?

-Миний хувьд МАН-д 1998 онд гишүүнээр элсэж, Европын холбоон дахь МАСзх-ны салбар зөвлөлийг үүсгэн байгуулалцаж, тэргүүлэгч, СхД-ийн МАхН-ын дэд дарга, Нийслэлийн МАН-ын дэд дарга, НиТх дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын бага хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан, намын идэвхтэн гишүүн юм. Гэвч 2019 онд намын хяналтын Ерөнхий хорооны шийдвэрээр МАН-ын гишүүнээс гарсанд тооцогдсон.

Нэг ёсондоо өөрийн хүсэлтээр биш, хүчээр гарсанд тооцогдсон гэсэн үг. энэ хугацаанд ямар нэг өөр нам, эвсэлд элссэнгүй. МАН-ын дүрэмд хяналтын хорооны шийдвэрээр намаас гарсанд тооцогдсон намын гишүүний намын гишүүнчлэлийг буцаан сэргээх тодорхой зохицуулалт байдаг. энэ зохицуулалтын хүрээнд Намын гишүүнчлэлээ сэргээсэн.

-100 жилийн ойг угтаж МАН, МАХН нэгдэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээлэл бодитой биз дээ. Ер нь нэгдэхээр тохироогоо хийчихсэн юм биш үү?

-Миний хувьд энэ мэдээллийг та бүхэнтэй ижил сошиалаас л авсан. Миний хувьд өөрөө намаас гарсанд тооцогдож яваад намдаа эргэн орсон хүний хувьд энэ хоёр нам эргэж нэгдэх ёстой гэж боддог. Нөгөө үсэрсэн цус, тасарсан мах гэдэг шиг нэг үзэл бодолтой, нэг үзэл баримтлалтай, зүүн төвийн үзэлтэй нэг намаас салаалсан намууд шүү дээ. МАН-ын үндсэн дүрэм ч "Монгол Ардын Нам нь Монгол Ардын хувьсгалт Нам \МАхН\-ын зүй ёсны эхлэл ба үргэлжлэл бөгөөд" гэж эхэлдэг.

-Зургадугаар сард болох Сонгинохайрхан дүүргийн уиХ-ын нөхөн сонгуульд намаасаа нэр дэвших үү?

-Нөхөн сонгууль болох тойрог нь миний 2020 онд нэр дэвшиж өрсөлдсөн тойрог юм. Гэвч Уих-д нэр дэвших нэр дэвшигчийн намын бага хурлаар тодруулдаг тул дэвшинэ, дэвшихгүй гэж өнөөдөр хэлэх боломжгүй. Миний намдаа эргэн орсон зорилго маань Уих-ын нөхөн сонгуульд нэр дэвших, эсхүл ямар нэгэн албан тушаалд горилох биш, харин өөрийн итгэл үнэмшлээр нэгдэж 20 жил зүтгэсэн намынхаа эв нэгдэл, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улс орны болон намын дотоод асуудлаар санал бодлоо гаднаас нь биш, дотроос нь хэлж ярих юм.

-Мөн МАН 100 жилийн ойгоороо нэлээн хэдэн хүнд өршөөл үзүүлнэ гэсэн шуум тархаад байгаа шүү дээ. Энэ үнэн үү?

-Намайг намдаа буцаж орсонтой холбоотойгоор Сайтууд янз бүрийн гарчигтай, өөр өөрийн өнцөгтэй мэдээнүүд оруулсан байна билээ. Түүний нэгийг асууж байх шиг байна. Түрүү би хэлсэн намын дүрмийн дагуу намаас гарсанд тооцогдсон гишүүнийг намд дахин элсүүлэх заалт бий. Тодорхой хэлбэл, Намын дүрмийн 6.8 -д "иргэн өөрийн гаргасан дутагдлаа арилсан гэж үзвэл Монгол Ардын Намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ НАШБ-аар уламжлуулан хяналтын Ерөнхий хороонд гаргаж болно" гэж заасан байдаг. энэ заалтын дагуу хяналтын Ерөнхий хороо дахин хянаж үзээд дүгнэлт гаргаж шийдвэрлэх бүрэн боломжтой.

-Сөрөг хүчний зүгээс танай намыг “Социалист нам, энэ үзэл баримтлал нь өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн” хэмээн шүүмжилдэг. Ер нь цаашид намдаа шинэчлэлт хийх хэрэгтэй гэж боддог уу. Намынхаа үзэл баримтлалыг өөрчлөх ёстой гэж боддог уу?

-Монгол Ардын нам нь нийгмийн ардчиллын үзэл баримтлалтай, Ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлэн хамгаалж, улс орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэх эрхэм зорилготой гэж дүрэмдээ зааж, Дээд шүүхээр батлуулсан, улс төрийн үзэл баримтлалын хувьд бол Социал Демократ нам шүү дээ.

Дэлхий дахинд ер нь дан либерал үзлээр хол явахгүй нь тодорхой болж, чиг хандлага нийтээрээ социал демократ үзэл баримтлал руу шилжиж, нийгмийн хамгааллын бодлогууд, орлого багатай иргэдээ дэмжих, татварын шаталсан тогтолцоо, эрүүл мэндийн даатгалын системийг сайжруулах бодлого нэн тэргүүнд тавигдаж эхэлж байгаа. иймд миний бие намынхаа үзэл баримтлал, зорилго зорилтыг дэмждэг.

Харин намын дотоод ардчиллыг илүү бэхжүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх, боловсон хүчний бодлогыг сайжруулах, улс төрийн ууган хүчний хувьд төрийн эрх барих явцдаа ч аливаа асуудалд намынхаа үзэл баримтлал, зорилго, суурь зарчмуудыг чанд баримталж байх ёстой л гэж боддог доо.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}