АНД ХЭВЛЭЛИЙН ГАЗРААС ОНЦЛОХ ТАВАН БҮТЭЭЛ

АНД ХЭВЛЭЛИЙН ГАЗРААС ОНЦЛОХ ТАВАН БҮТЭЭЛ

Уламжлал ёсоор зохион байгуулагдах “Номын баяр” энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох юм. Тус номын баярт 100 гаруй хэвлэн нийтлэгч компани оролцож гадаад болон дотоодын сонгодог ном зохиолыг хямдралтай үнээр худалдаалж борлуулдаг билээ. Түүнчлэн үүгээр дамжуулж номын соёлыг түгээх, эрдэм боловсролыг чухалчлах олон талын мэдлэг мэдээллийг хүмүүст олгодог юм. Тэдгээрийн нэг нь “Анд паблишинг” хэвлэлийн газар юм. Тус газар нь монголын болон дэлхийн уран зохиолын сор болсон, өмнө тэр бүрчлэн хэвлэгдэж байгаагүй сонгодог зохиолуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр эрхлэн гаргадаг. Өдгөө хүүхдийн болон уран зохиолын 100 гаруй нэр төрлийн бүтээлүүдээрээ оролцох юм. Үүнээс онцлох таван номыг уншигчдадаа хүргэж байна.   

 

НУУЦЛАГ ТАЙГЫН ГҮН РҮҮ

 

Зохиолч Н.Бадамжавын бэсрэг роман, тууж өгүүллэгээс бүрдэх “Амуль” ном нь тайгын өвөрмөц амьдралыг өөр өөр үйл явдлаар холбон бичсэнээр онцлогтой. Ойн иргэдийн амьдрах хэв маяг нь байгаль эхийг шүтэх гүн сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой учраас зүүд, зөн совин, чинад ертөнцийн учир битүүлэг, юмс үзэгдэл, тайлж тайлбарлах боломжгүй далд холбоо хэлхээг бодит ахуйтай чадварлаг сүлжин бичжээ. Тус зохиолын уншсаны хойно үйл явдлыг итгэл үнэмшилтэй хүүрнэх нь зохиолчийн авьяас билгийн илрэл юм гэх бодол уншигч танд төрөх нь дамжиггүй.

 

ДУУРИЙН ДАРААХ ТЭСРЭЛТ

 

 

Францын романтизмын үеийн нэрт төлөөлөгч, түүхч, археологич, зохиолч Проспер Мериме 1803 онд мэндэлжээ. Олон талын авьяас билигт тус зохиолч бүтээлүүдээ түүхэн сэжмээр хооронд нь гойд сайн уялдуулж чаддагаар европ даяар алдартай. Тэрээр 1840-1847 оны хооронд алдарт "Кармен" романаа бичиж, уншигчдын хүртээл болгосны дараахан хөгжмийн зохиолч Бизет түүний эл романыг дуурь болгосноор дэлхийн өнцөгт булан бүрд сонгодог урлагийн томоохон төлөөлөл болон тоглогдож байна. “Кармен” романы дараагийн тэсрэлт хийсэн зохиол бол яахын аргагүй “Коломба”. Корсик нутгийн уугуул иргэдийн ёс заншил, зоригт Коломба бүсгүйн эцгийгээ гэсэн сэтгэл нь Францын төдийгүй дэлхий дахины сонгодог зохиол уншигчдын сэтгэлийг ховсдон, өдгөө ч нэр хүнд улам өссөөр байна. Мэдээж түүний зохиол түүхэн сэжигтэй байдаг учир Корсик нутагт очих хүсэлтэй жуулчдын тоо эл бүтээлийг гарснаас хойш тасралтгүй өссөн гэдэг.

 

ӨӨР НЭГЭН ДОМОГ

 

 

Дайсикуд хөвчийн нэгэн отог омог байгалийн гэнэтийн гамшигт өртөн, солирын бороонд сүйрч мөхөөд, түүний суурин дээр шинэ хот байгуулагдсан тухай гардаг. Яг л Тройн хотын сүнсэн дундаас Грек улс мандан гарсантай ижилхэн. Н.Бадамжав зохиолчийн уг романыг зарим шүүмжлэгчид “Монголын зуун жилийн ганцаардал” хэмээн дүгнэсэн байдаг. Гэвч тэс ондоо уг зохиолуудыг тийм харьцуулах аргагүй ч бичлэгийн онцгой содон хэв маягаас үүдсэн байж болшгүй тус дүгнэлтийг шуудхан няцаах бас аргагүй. Байгальтай нэгэн цус мэт аж төрж байсан хүмүүсийн зан араншинг юу эвдэж, амгалан тайван амьдралыг юу бусниулав гэдгийг тус зохиолоос уншаарай.

 

Дашрамд дуулгахад монголын туужийн уран зохиолын 90-ээд одон содон төлөөлөгчдийн нэг Н.Бадамжавын “Модон сахалт” цоо шинэ роман тун удахгүй хэвлэгдэж, уншигч олны хүртээл болох ажээ.

 

ШИНЭ ТАЛБАРЫН ҮЗЭГ

 

 

Зохиолч, сэтгүүлч Б.Энхбатын түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн “Өв залгамжлагчид” цуврал романууд анх 1990-ээд оны эхэнд хэвлэгдэн, монголын уншигчдад цоо шинэ өнгө төрх, зохиолын голч шугам, бичлэгийн тэс өөр хэв маягийг нээн өгснөөрөө онцлогтой. Үүнээс гадна детектив зохиол гэх утгаар эхний шугамд жагсана.

 

Бүтээлүүдэд нь өнө эртний түүхт монгол орны бүхий л цаг үеийн улс төрийн байдал, үнэн төрхийг тод томруун дэлгэсэн байдаг. 2018 онд зохиогчийн хүсэлтээр “Захиаллагат аллага” нэрээр шинэчлэгдэн хэвлэгдэж байсан бол энэ онд мөн зохиогчийн хүсэлтээр “Өв залгамжлагчид” нэрээр шинэчлэгдэн уншигчдын хүртээл болжээ.

 

АМЬДРАЛААС ГЭЭГДЭЭГҮЙ ХҮҮРНЭЛ

 

 

Оросын сонгодог зохиолч Михаил Булгаковын “Залуу эмчийн тэмдэглэл” ном нь тус хэвлэлийн газрын онцлох номуудын тоонд зайлшгүй багтана.

 

Хөдөө тосгоны буйд бөглүү ахуйд дөнгөж сургууль төгссөн залуу эмч томилолтоор очсоныхоо өдрөөс л хээгүй, хэнэггүй тариачдын архагшуулж, газар авхуулсан өвчинтэй тэмцэж эхэлнэ. Уг зохиолд гарах өвчин намдаах эм морфины хамааралд орсон залуухан эмчийн тэмдэглэл зохиолчийн өөрийнх нь түүх юм. Ямар ахархан хугацаанд бие мах бод, оюун санааг нь эзлэн авсан мансууруулах бодисын донтолт үхлээр төгсөж байгаа тухай өдөр, цаг минутаар тэмдэглэлээ үлдээгээд, оюун санаа, зүүд зөнгөөрөө амьд ч бие махбодь, мэдрэхүй нь хэрхэн насан эцэслэж буй тухай өгүүлнэ.

 

 

М.А.Булгаковыг уншигчид “Мастер Маргарита хоёр” гэх алдарт романаар нь андахгүй мэдэх билээ. 

 


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}