Х.Баттулга буухаасаа хоёр цагийн өмнө зарлиг гаргаж Б.Махбалын нийт ялын 25 хувьд нь уучлал үзүүлжээ

Х.Баттулга буухаасаа хоёр цагийн өмнө зарлиг гаргаж Б.Махбалын нийт ялын 25 хувьд нь уучлал үзүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн баасан гаригт дуусгавар болсон. Тэрээр буухаасаа өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд багтах шагналын арга хэмжээг анх удаа хэтрүүлэн хэрэглэж, гуравхан сарын дотор нийтдээ 14 000 хүнд их бага хэмжээний шагнал олгосон байдаг.

Мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бас нэг давуу эрх нь ял шийтгэл эдэлж буй иргэдэд өршөөл үзүүлэх, уучлах эрх. Энэ эрхийг ч тэрбээр хавтгайруулан "эдэлжээ"

Сануулахад, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр "Монгол ялна" уриатай оролцож ялалт байгуулсан. Шударга ёсыг тогтоох, авлига хээл хахуулийг арилгаж төрөөр төрсөн тэрбумтнуудтай хатуухан тэмцэхээ илэрхийлж байсан.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улс төрчдөд "хатуухан" хандаж, бүрэн эрхтэй парламентийн гишүүнээс эхлээд сайд даргын албан тушаал хашиж байсан 18 хүнд ял оноохдоо олон удаагийн давтамжтай хууль зөрчсөн болох нь тодорхой болсон.

Энэ давалгаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас эхэлж, түүнийг бүрэн эрхтэй парламентийн гишүүн байхад нь анх удаа хүчээр баривчилгаа явуулж, цагдан хорьж, улмаар ял шийтгэл оногдуулсан нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Олон Улсад Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенци зэргийг илт зөрчсөн тул одоогоор манай улсын парламент Олон Улсын Парламентийн холбоонд "ээрэгдэж" буй.

Түүний араас баривчилгаа, ял шийтгэлийн давалгаа хүчтэй өрнөж нийтдээ 11 улс төрч ял авсан. 

Үнэхээр хууль зөрчсөн хүнд ял шийтгэл оноох нэг хэрэг. Харин түүний нөлөө орж ял шийтгэл оноосон улс төрчдийн дийлэнх нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай хувийн "асуудалтай" байснаараа ийнхүү хэлмэгдсэн гэдгээ өмгөөлөгчдөөрөө дамжуулан илэрхийлж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. 

Нийгэмд шударга ёс тогтоох нэрийн дор хувийн өс хонзонгоо ханатал авсан түүний "зориг" 2021 оны хаврын улс төрөөс эхлэн мохож эхэлсэн нь үнэн. Дахин нэр дэвшиж шүүх засаглалыг гартаа атгасан төрийн тэргүүний байр суурийг тэрбээр дахин зургаан жил хашиж, нийт 10 жил Монголын төрд хаанчлах төлөвлөгөө АН-ын хагарлаас болон нуран унасан. 

Хууль зүйн үүднээс дахин нэр дэвших эрхгүй болмогцоо өнгөрсөн дөрвөн жилд өөрт халгаатай гаргасан шийдвэр бүхнээсээ буцаж ухарч эхэллээ. Энэ удаад тэрбээр эхний ээлжинд хүний өөрийн гэлтгүй наашаа гэсэн бүхэнд шагнал тарааж, цаашлаад нүүрээ ширлэн байж ял оноосон улс төрчдөө уучилж эхэлсэн. 

Үүний нэг жишээ нь Ерөнхийлөгчөөс буухаасаа ердөө нэг хоногийн өмнө зарлиг гаргаж, хорих ял эдэлж буй 13 хүнд уучлал үзүүлсэн явдал. Зарлигт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нарын 13 хүн багтсан бөгөөд тэднийг тэр өдөрт нь суллажээ.

Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр /ял шийтгэлээ бүрэн эдэлж суллагдсан/, Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нар уучлалыг "хүлээн авахгүй" гэдгээ мэдэгдсэнээр хорих ангидаа үлдсэн юм. 

2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн морин цаг буюу 11:40 цагт шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангарагаа өргөх хуваарьтай байсан. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга эцсийн боломжоо ашиглаж, тухайн өдрийн өглөөний 10 цагийн орчимд дахин нэг уучлалын зарлиг гаргаж, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг санаатайгаар хөнөөсөн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг уучилжээ. Гэхдээ түүний нийт ялын 25 хувьд нь уучлал үзүүлсэн болохыг эх сурвалж нотоллоо.

Х.Баттулга яагаад хүн амины хэрэгтэн Б.Махбалыг эцсийн боломжоо ашиглан уучлах болов?

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг Б.Махбал хашиж байжээ. Мөн 2017 оны сүүлээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдоход тухайн үед шинэхэн Ерөнхийлөгч болсон Х.Баттулга нөлөөлж, албан тушаалд нь тавиулсан гэдэг. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх хардлага улс төрийн хүрээнийхэнд байдаг.

Талийгаач Т.Гомбосүрэн ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын хувьд тус яамны хүрээний томоохон төсөл хөтөлбөрийг шалгах ажлыг ахалж байжээ. Х.Баттулга тус яамны сайд байхаасаа эхлүүлсэн төмөр замын хэрэг буюу "овоолсон шороо"-ны хэргийг шалгасан бөгөөд уг шалгалтын явцад улсын мөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан явдал байсан талаар яамныхаа зарим нэг хүнд ам алдсан гэлцдэг. 

Хэрэг гардаг орой Х.Баттулгын хүн гэлцдэг Б.Махбал хэд хэдэн хүний хамт өрөөндөө архидан согтуурч байхдаа талийгаачийг дуудан авчирч хэл амаар доромжлон дарамталжээ. Улмаар яамны гадна гаргаж зодож алсан байдаг. Энэ бүхэн "овоолсон шороо"-ны хэрэгтэй холбоотой эсэхийг цаг хугацаа харуулна биз.  

Ямартаа ч хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн Б.Махбалд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлжээ. 

Б.Махбал нь хагас жил дамнаж давж заалдсан бөгөөд эцсийг бүлэгт дээд шүүхээс түүнд 11 жилийн ял өгсөн билээ. Тэрбээр 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө уг гэмт хэргийг үйлдсэнээсээ хойш хоригдож, ял шийтгэлээ 3 жил эдлээд буй. Түүний үлдсэн 8 жилээс Ерөнхийлөгч Х.Баттулгын уучилсан 25 хувь буюу 2,8 жилийг хасвал тэрбээр 5,2 жилийн ялтай үлдэж буй.

Гэвч 11 жилийн ялтай хүн нийт ялынхаа 50 хувийг эдэлсэн бол магадлангаар суллагдах магадлал туйлаас өндөр билээ. 


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}