САНГИЙН ЯАМ: ТӨРИЙН 314.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БАЙРШУУЛЖ БУЙ ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК, ЧИНГИС ХААН БАНКУУД ЭРСДЭЛТЭЙ НЬ ТОГТООГДСОН

САНГИЙН ЯАМ: ТӨРИЙН 314.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БАЙРШУУЛЖ БУЙ ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК, ЧИНГИС ХААН БАНКУУД ЭРСДЭЛТЭЙ НЬ ТОГТООГДСОН

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт арилжааны банканд байршиж буй Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө холбоотой маш ноцтой дүгнэлтийг танилцууллаа.

Тодруулбал, 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар төлбөрийн чадвар буурсан нэр бүхий хоёр банканд Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн нийт 161.5 тэрбум төгрөгийг байршуулсан байна. Төлбөр барагдуулах, зарлагын гэрээнд заасан төлөлтүүд хийгдээгүй гэх зэрэг зөрчлүүд илэрчээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт "Эрсдэлтэй гэж хэлэгдээд байгаа хоёр банк нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк юм. Үндэсний хөрөнгө оруулалтын банк дээр 116.2 тэрбум төгрөг, Чингис хаан банк дээр 198.5 тэрбум төгрөг нийтдээ 314.7 тэрбум төгрөг байршиж байна. Энэ мөнгөний гол дүнг эзэлж байгааг нь Нийгмийн даатгалын сан дээр Чингис хаан банканд 101.6 тэрбум төгрөг байна. Энэ нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгө болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг Үндэсний зөвлөлүүд нь хүүгийн орлого олох зорилгоор байршуулсан гэж ойлгож байгаа" гэв.

Түүнчлэн "Сангийн яамнаас төсвийн байгууллагуудыг арилжааны банкуудад мөнгө хөрөнгө байршуулахад шаардлагатай журам гаргасан байгаа. Энэ журмаар бол системийн, Монголбанкнаас гаргасан шаардлагуудыг бүрэн хангасан ийм банкуудад мөнгөн хөрөнгийг байршуулах маш тодорхой журам байгаа. Энэ журмуудыг шийдвэр гаргаж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч болон энэ шийдвэр байгууллагууд мөрдөж ажиллах учиртай" гэж ярилаа.

 

Ийнхүү өнгөрсөн намар яригдаж байсан Монголбанкнаас эрсдэлтэй гэж үнэлэгдсэн банкуудын нэрс тодорхой боллоо.

 

Гэхдээ энэ удаад хоёр банк нийлээд 314.7 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулсан байгаа аж. Хэрэв санаж буй бол өнгөрсөн наймдугаар сард Үндэсний аудитын газрын орлогч О.Тэнгис байнгын хороонд мэдээлэл хийх үеэрээ хоёр банк эрсдэлтэй байгааг анх мэдээлж байсан. Тухайн үед эрсдэлтэй хоёр банкны нэрийг хэвлэлийнхэн баахан хайсны эцэст тухайн үедээ мартагдсан.

Гэтэл холбогдох яамдууд, Үндэсний зөвлөлүүд болон Үндэсний аудитын газар уг ноцтой зөрчлийг яагаад өнөөдрийг хүртэл арилгаагүй байна вэ гэдэг хачирхалтай. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь эрсдэлтэй гэж тодотгож байгаад нэртэй устай нь, төрийн өгсөн мөнгөн дүнтэй нь хамт нийтэд зарлачихлаа. Одоо нэн яаралтай энэ банкуудынхаа эрсдлийн хэмжээг нарийвчилж олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй.

УИХ-ын индэр дээрээс Сангийн яамны эрх бүхий албан тушаалтны хэлсэн энэ ноцтой мэдэгдлийн араас иргэд эдгээр банкуудад байршиж буй хадгаламж, хөрөнгө мөнгөтэй асуудлуудаа эргүүлж татах гэх зэрэг итгэлцлийн асуудлууд шууд хөндөгдөнө. Нөгөө талдаа үнэхээр Монголбанк нь энэ банкуудыг эрсдэлтэй гэж удаа дараа тодорхойлоод байгаа юм бол асуудлыг засч залруулах, эсвэл Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сан тэргүүтэй татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгүүдийг буцаан татах эсэх асуудлаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.

Хэрвээ эрсдэлтэй нь тогтоогдоод байгаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкууд ирээдүйд ямар нэгэн байдлаар асуудалд орвол Капитал банкны түүхийг давтахгүй гэх газаргүй. Үүнийх нь горыг нөгөө л хэдэн татвар төлөгчид уурлаж бухимдсаар "нуруундаа үүрнэ".

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Капитал банкыг эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байхад Нийгмийн даатгалын сангийн мөнгө болон бусад мөнгөн хөрөнгүүдийг татан авахгүй байршуулсаар байгаад эцэст нь банк нь дампуурч, татвар төлөгчдийн 100 гаруй тэрбум төгрөг салхинд хийссэн. Эцэст нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур 2.6 жилийн ял авсан боловч төд удалгүй суллагдаж, татвар төлөгчид өөрсдийн мөнгөө өөрсдийн халааснаас төлөхөөр болоод дууссан гашуун түүх бидэнд бий.


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}