ДНБ энэ оны эхний улиралд 9.2 их наяд төгрөгт хүрчээ

ДНБ энэ оны эхний улиралд 9.2 их наяд төгрөгт хүрчээ

Манай улсын макро эдийн засгийн 2021 оны эхний хагас жилийн тоймыг Сангийн яамнаас гаргажээ. Эдийн засгийн энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр:

  • ДНБ энэ оны эхний улиралд 9.2 их наяд төгрөгт хүрчээ (оны үнээр тооцсон),
  • эдийн засгийн өсөлт өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өссөн байна. 

Энэхүү өсөлт нь Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд вакцинжуулалтыг шуурхай эхлүүлсэн, өрхийн орлогыг хамгаалахад чиглэсэн нийгмийн халамжийг үргэлжлүүлсэн, ААН-үүдэд зээл олгож ажлын байрыг хадгалсантай холбоотой байна.

 

 

Нүүрсний экспорт эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 113.7 хувиар өсжээ. Оюутолгойн зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж байна. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа тул Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалах, ААН-үүдийг дэмжих, нийгмийн хамгааллын бодлогоо эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлж байна. 

 

Гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний хагас жилд 7.4 тэрбум ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны мөн үеэс 39.4 хувиар өссөн нь коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эдийн засагт үзүүлсэн огцом шокийн нөлөө аажмаар буурч байгааг харуулж байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 45.4 хувиар өсөж 4.1 тэрбум ам.долларт, импорт өмнөх оны мөн үеэс 32.6 хувиар өсөж 3.3 тэрбум ам.долларт тус тус хүрснээр гадаад худалдааны тэнцэл 850.2 сая ам.долларын ашигтай гарлаа.

 

"Оюутолгой" компанийн зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдсэн, дэлхийн зах зээл дэх цэвэр зэсийн үнэ 64.9 хувиар өссөнтэй холбоотойгоор зэсийн баяжмалын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 77.2 хувиар нэмэгдсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар өссөн, нийт нүүрсний экспортод эзлэх коксжих нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн болон дэлхийн зах зээлийн үнэ өссөнөөр өмнөх оны мөн үеэс нүүрсний экспорт үнийн дүнгээрээ 47.3 хувиар өссөн байна.

Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдэр, газрын тосны үнэ өндөр байгаа бөгөөд манай улсын төмрийн хүдрийн экспорт 92 хувиар, харин боловсруулаагүй газрын тосны экспорт 395.7 хувиар өмнөх оны мөн үеэс өссөн байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 152.8 хувиар өссөн. Үүнд угаасан ноолуур, хушны самар, лаазалсан махны экспортын өсөлт голлох нөлөөг үзүүлжээ. Дизель түлш, ачааны автомашин, чиргүүл болон тэдгээрийн эд ангийн импорт нэмэгдсэн нь импортын хэмжээ өсөхөд голлох нөлөөг үзүүлэв. 

 

Төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 54.2 сая ам. долларын алдагдалтай гарлаа. Экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор урсгал ба хөрөнгийн дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан байна. Урсгал ба хөрөнгийн данс 871.3 сая ам.долларын алдагдалтай гарсан бол санхүүгийн данс 768.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 1066 сая ам.доллар болж 13.2 хувиар нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлжээ.

May be an image of one or more people and text


Сэтгэгдэл бичих

Энэ мэдээнд нийт {{comments.length}} сэтгэгдэл байна.

{{item.name}} [{{item.ipAddress}}] {{item.date}}

{{item.text}}

Хариулах

{{child.name}} [{{child.ipAddress}}] {{child.date}}

{{child.text}}